Экологийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөнгөн усыг бусдад худалдан борлуулах зорилгоор хууль бусаар хадгалж байсан гэмт хэргийг илрүүлжээ.

Уг хэрэгт холбогдох этгээдүүдээс нийт 9.2 килограмм мөнгөн усыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мөнгөн ус нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон хүний биед хамгийн хортой 10 бодисын нэг бөгөөд хүрээлэн буй орчинд задрахгүй, хэлбэрээ өөрчилж улам хоруу чанартай болдог онцлогтой. Хүний биед агаар, ус, хоол хүнсээр дамжин орж тархи, мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээдэг бөгөөд ялангуяа ураг болон нярайд ноцтой хор хөнөөл учруулдаг.

Монгол Улсад мөнгөн ус нь 2007 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолоор баталсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан, ашиглалт нь хязгаарлагдсан бодис юм. Мөн Монгол Улс 2015 онд “Минамата”-ийн конвенцид нэгдэн орсон.

Хуулийн дагуу ийм төрлийн бодисыг хууль бусаар хадгалах, худалдах, тээвэрлэх нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог. Цагдаагийн байгууллагаас иргэдийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар 102 болон 70191070 дугаарт мэдээлж, хамтран ажиллахыг уриаллаа.