Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт оролцож, намын дотоод зохион байгуулалт болон цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэйгээр шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд Улс төрийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болсон талаар онцлов. Улс төрийн зөвлөл 38 гишүүнтэй байхаар бүрдэж, гишүүдийн 70 орчим хувь нь шинэчлэгдсэн байна.

Мөн тус хуралдаанаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллуулах саналыг хэлэлцэж, гишүүдийн 72 хувийн дэмжлэг авсан байна. Намын үндсэн байгууллагуудын үйл ажиллагааны журмыг шинэчлэх ажлын хэсгийг ч байгуулжээ.

Хуралдаанаар УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг салгах асуудал болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалттай холбоотой заалтыг хэлэлцсэн байна.

С.Баярцогт “Намын дотоод зохион байгуулалтын асуудлыг бүрэн шийдсэний дараа УИХ дахь бүлгийн даргын суудлыг гишүүдэд шилжүүлнэ. Мөн таван дэд даргын асуудлыг тавдугаар сарын 15-ны дотор шийдвэрлэнэ” гэв.

Түүнчлэн намын Хяналтын ерөнхий хороо байгуулагдаж, дотоод маргааныг шийдвэрлэх эрх бүхий байгууллага болж ажиллах юм байна.

С.Баярцогт “Нам доторх зөрчилтэй бүх талуудтай уулзаж, богино хугацаанд эв нэгдлийг хангана. 2027, 2028 оны сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд нэгдэж ажиллах шаардлагатай” гэж мэдэгдлээ.