Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) УИХ-ын хэсэг гишүүд Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагчдын зүгээс одоо үйлчилж буй 2016 оны хуулийг Үндсэн хуультай зөрчилдөж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хэт хязгаарлаж байна гэж үзжээ. Шинэ төсөлд дараах хоёр зарчмын шинэчлэлийг тусгасан байна.
Нууцын жагсаалтыг Засгийн газар бус УИХ батална
- Үндсэн хуульд төрийн нууцыг зөвхөн "хуулиар" тогтооно гэж заасан байдаг. Гэвч 2016 оноос хойш нууцын жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталдаг болсноор хяналтгүйгээр нууцлах боломж бүрдсэн гэж үзжээ. Үүний улмаас төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо 60 байснаа 400 гаруй болж, даруй 7 дахин нэмэгдсэн байна. Тиймээс энэ эрхийг УИХ-д буцаан олгож, парламентын хяналтыг сэргээхээр тусгажээ.
"Албаны нууц" гэх ойлголтыг хална
Одоогийн хуулиар төрийн байгууллага бүр "албаны нууц" нэрээр мэдээллээ дотооддоо нууцлах болсон нь нууцын ойлголтыг хавтгайруулж байна. Энэ нь иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг боогдуулж, Засгийн газар хууль бус үйлдлээ нууцлах эрх зүйн үндэс болж байгаа тул уг ойлголтыг халахаар төсөлд тусгажээ.
Төрийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой бөгөөд зөвхөн үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зорилгоор л мэдээллийг хуулийн хүрээнд хязгаарлах ёстойг онцолж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!