Монгол Улсын хэмжээнд мал төллөлт ид үргэлжилж, төл бойжилт өндөр хувьтай байгаа бол газар тариалангийн салбарт энэ оны тариалалтын зорилтот хэмжээг ХХААХҮЯ-наас албан ёсоор танилцууллаа.

Мал төллөлт: 4.1 сая төл бойжиж байна

2026 оны хаврын мал төллөлтийн явц улсын хэмжээнд 29.6 хувьтай байна. Тодруулбал, нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 4.2 сая нь төллөж, шинээр хүлээн авсан төлийн 98.9 хувь буюу 4.1 сая нь эсэн мэнд бойжиж байна.

Бүс нутгаар авч үзвэл:

  • Баруун бүс: 32.6 хувь

  • Хангайн бүс: 31.9 хувь

  • Төвийн бүс: 29.4 хувь

  • Зүүн бүс: 20.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мал хорогдлын тухайд, дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар 186.9 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь оны эхний нийт малын ердөө 0.3 хувийг эзэлж байгаа юм. Үүнээс ямаа болон хонь хамгийн их буюу 150 гаруй мянгаар хорогджээ.

Газар тариалан: 633 мянган га талбайд тариалалт хийнэ

Энэ онд Монгол Улс нийт 633.4 мянган га талбайд тариалалт хийх хаврын бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталлаа. Үүнээс үр тарианы тариалалт хамгийн их буюу 372.7 мянган га талбайг эзлэх юм.

2026 оны ургац хураалтын зорилтот хэмжээ:

  • Үр тариа: 474.8 мянган тонн

  • Төмс: 180.6 мянган тонн

  • Хүнсний ногоо: 273.9 мянган тонн

  • Малын тэжээл: 287.0 мянган тонн

  • Тосны ургамал: 69.1 мянган тонн

Яамны зүгээс хаврын тариалалтын бэлтгэлийг хангах, тариаланчдыг дэмжих бодлогоо гарган ажиллаж байна. Энэ онд малын тэжээл болон тосны ургамлын тариалалтыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангах, газар тариалангийн салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч байгаа ажээ.