Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г хүлээн авч уулзлаа.
“Ниппон сан”-гийн боловсрол, хүний нөөц, уламжлалт анагаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нийгэм, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжилд чухал түлхэц болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Ялангуяа орон нутгийн 1,000 оюутанд МУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС-д бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгосны дагуу эхний 100 нь амжилттай суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Тэтгэлэгт хөтөлбөр нь “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэлээ.
1,000 оюутныг манай их сургуулиудад бүрэн тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон.
Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Ниппон сан” хамтран “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт 2025 онд гарын үсэг зурсан юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!