Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах зорилготой олон улсын ажиллагаанд 15 орчим улс оролцохоор бэлтгэж байгаа талаар Францын Ерөнхийлөгч Emmanuel Macron мэдэгдлээ.

Тэрбээр Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн хурлын үеэр “Далайн тээврийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, цэвэр хамгаалалтын шинжтэй ажиллагааг Францын удирдлага дор төлөвлөж байна. Энэхүү ажиллагааг Ирантай уялдуулан хэрэгжүүлнэ” гэж онцолсон байна.

Мөн Ираны тал Ормузын хоолойг нээхэд бэлэн байгааг дурдаж, АНУ, Ираны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрснийг сайшаажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump дөрөвдүгээр сарын 7-нд Ирантай хоёр долоо хоногийн хугацаанд харилцан гал зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Энэ шийдвэрт Пакистаны Ерөнхий сайд Shehbaz Sharif-ын санал, мөн Ираны тал Ормузын хоолойг аюулгүй нээхэд бэлэн байгааг харгалзан үзжээ.

Ираны төрийн телевизийн мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээнд Техраны зүгээс 10 нөхцөл тавьсан бөгөөд үүнд:

  • Ираны эсрэг халдан довтлохгүй байх
  • Ормузын хоолойн хяналтыг Иранд хэвээр үлдээх
  • Уран баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрөх
  • Анхдагч болон хоёрдогч хориг арга хэмжээг цуцлах
  • Нөхөн төлбөр олгох
  • АНУ-ын цэргийг бүс нутгаас гаргах

зэрэг шаардлагууд багтсан байна.

Эдгээр үйл явдлууд нь бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд чухал нөлөөтэй Ормузын хоолойн ажиллагааг сэргээхэд чиглэж байгаа юм.