АНУ-аас Иранд олгосон 48 цагийн хугацаа өнөөдөр өглөө 08:00 цагт дууссан ч талууд эцэст нь 14 хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойг нээх асуудлаар зөвшилцөлд хүрсэн байна.
Зуучлагч тал болох Пакистаны Ерөнхий сайд Shehbaz Sharif гал зогсоох хэлэлцээр нэн даруй хэрэгжиж эхэлснийг мэдэгдэж, талуудыг дөрөвдүгээр сарын 10-нд Исламабад хотод эцсийн хэлэлцээнд урьжээ. Тэрбээр Иран, АНУ болон холбоотнууд Ливан болон бусад бүс нутгуудад зэрэг гал зогсоохоор тохиролцсоныг онцолсон байна.
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлөөс мэдээлснээр АНУ дараах нөхцлүүдийг зөвшөөрсөн гэжээ. Үүнд:
- Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин явуулахгүй байх баталгаа өгөх
- Ормузын хоолойд Ираны хяналтыг үргэлжлүүлэх
- Уран баяжуулалтыг хүлээн зөвшөөрөх
- Бүх хориг арга хэмжээг цуцлах
- НҮБ болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тогтоолуудыг цуцлах
- Иранд нөхөн төлбөр олгох
- АНУ-ын цэргийг бүс нутгаас гаргах
- Бүх фронтод дайныг зогсоох
Гал зогсоох тохиролцооны дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом буурч байна. Брент төрлийн нефтийн үнэ 5.8 хувиар унаж, 103.42 ам.доллар болсон бол АНУ-ын зах зээл дээрх нефтийн үнэ 8.5 хувиар буурч, 103.25 ам.долларт хүрсэн байна.
Гэсэн ч эдгээр үнэ нь мөргөлдөөн эхлэхээс өмнөх үеийнхээс өндөр хэвээр байгаа юм. Шинжээчдийн хувьд 14 хоногийн гал зогсоох хугацаа нь түр зуурын “амьсгаа авах” завсарлага гэж үзэж байна. Цаашид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ тохиролцоог улс төрийн ялалт болгон ашиглах уу, эсвэл цэргийн ажиллагаа дахин эхлэх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.
Мөн АНУ холбоотнуудтайгаа цаашид хэрхэн хамтрах, бүс нутгийн геополитикийн тэнцвэр хэрхэн өөрчлөгдөх нь анхаарал татсан асуудал хэвээр байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!