Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн (БОУАӨ) сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан нийслэлийн удирдлагууд болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргалаа. 

Уулзалтын эхэнд салбарын сайд төслийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх нь яамны үндсэн үүрэг болохыг сануулж, аливаа үйл ажиллагааг зөвхөн баталгаажсан судалгаа, тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстойг онцлов.

 Гэвч Байгаль орчны улсын хяналтын газраас иргэдийн гомдлын дагуу хийсэн шалгалтаар төсөл хэрэгжүүлэгч тал байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд заасан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн менежментийн төлөвлөгөөгөө батлуулалгүйгээр ажлаа эхлүүлсэн зэрэг  зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн дөрвөн дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх 32 км урт, зургаан эгнээ бүхий энэхүү хурдны замын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, БОУАӨЯ-аар батлуулсан байдаг. 

Уг үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ойн сан болон экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 14 төрлийн судалгаа, арга хэмжээ авах зөвлөмж өгөгдсөн ч бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгааг хяналтын байгууллагаас мэдээлжээ. 

Иймд сайд Ц.Сандаг-Очир төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангах хүртэл төслийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг танилцууллаа. 

Мөн илэрсэн зөрчил дутагдалд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгожээ.