Гол агуулга:
- Ормузын хоолойгоор 2024 онд өдөрт дунджаар 20 сая баррель нефть, бүтээгдэхүүн дамжсан нь дэлхийн хэрэглээний ойролцоогоор 20 хувьтай тэнцдэг.
- Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) зах зээлийн саатлыг зөөлрүүлэхээр гишүүн 32 улс 400 сая баррель нефтийг онцгой нөөцөөс гаргахаар 2026.03.11-нд санал нэгджээ.
- Нефтийн үнэ мөргөлдөөн эхэлснээс хойш ойролцоогоор 60 хувиар өссөн бөгөөд Ормуз удаан хаалттай үргэлжилбэл үнэ дахин өсөх магадлалтайг онцолж байна.
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцадсанаар дэлхийн эрчим хүчний хангамжийн хамгийн эмзэг цэгүүдийн нэг болох Ормузын хоолой дээр тээвэр, даатгал, нийлүүлэлтийн эрсдэл огцом нэмэгдэж, нефтийн зах зээлд олон арван жилийн хамгийн хүчтэй савлагаа үүсээд байна.
АНУ-ын EIA-ийн мэдээллээр Ормузын хоолойгоор 2024 онд өдөрт дунджаар 20 сая баррель/өдөр нефть, бүтээгдэхүүн дамжсан нь дэлхийн нийт хэрэглээний ойролцоогоор 20 хувьтай тэнцдэг. Ийм хэмжээний урсгал саатах нь үнэ өсөх “суурь шалтгаан” болдог гэж шинжээчид тайлбарлаж байна.
Зах зээлийн тогтворгүй байдлын хариуд IEA өнгөрсөн 3 дугаар сарын 11-ны өдөр гишүүн орнуудынхаа онцгой нөөцөөс 400 сая баррель нефтийг зах зээлд гаргах арга хэмжээг зарласан. Одоогоор IEA-ийн уг шийдвэрийн хэрэгжилтийн бэлтгэл ажил эхэлж, нөөцөөс нефть гаргах ажиллагаа шат дараатай явагдаж байна.

Үнийн хөдөлгөөний хувьд Ройтерсийн мэдээлж байгаагаар мөргөлдөөн эхэлснээс хойш (2026.02.28-наас) нефтийн үнэ ойролцоогоор 60 хувь өсөөд байна. Ормузын хоолой хаалттай удаан үргэлжилбэл нийлүүлэлт агшиж, үнэ дахин нэмэгдэх магадлал өндөр байна.
Нөгөө талд Олон улсын далайн байгууллага (IMO) “хамгийн их анхааралтай” ажиллах, боломжтой бол эрсдэлтэй хэсгээр зорчихоос зайлсхийх, мөн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч шийдвэр гаргахыг усан тээврийн компаниудад уриалжээ.
Эрчим хүчний импортын хамаарал өндөр улс орнуудад энэ савлагаа шатахуун, тээврийн өртөг, инфляцад шууд дарамт болж буух эрсдэлтэй. Тиймээс Ормузын нөхцөл байдал, IEA-ийн нөөц гаргалтын хуваарь, үнэ тогтворжих эсэх нь ойрын өдрүүдэд зах зээлийн гол “хүлээлт” хэвээр байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!