Шадар сайд Х.Ганхуяг “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хуулийн төслөөр чөлөөт бүсийг эдийн засгийн тусгай бүс (ЭЗТБ)-ийн хэлбэрт шилжүүлж, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан, технологийн парк, нэгдсэн тусгай бүс зэрэг төрөлд ангилан хөгжүүлэхээр тусгажээ.

Мөн чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, хил хязгаар, байршлыг тогтоох эрхийг Засгийн газарт олгож, бодлогын хэрэгжилтийг илүү уян хатан болгохоор тусгасан байна.


Түүнчлэн чөлөөт бүсийн удирдлагыг төвлөрсөн, бие даасан тогтолцоонд шилжүүлэх, төрийн үйлчилгээг “нэг цонх”-ны зарчмаар үзүүлэх, зөвшөөрөл болон мэдээллийг цахимжуулах, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтуудыг багтаажээ.

Ингэснээр чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, маргаан шийдвэрлэх бие даасан шүүхийн тогтолцоог бий болгох боломжтой төдийгүй эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.