Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй геополитикийн хурцадмал байдал нефтийн дэлхийн зах зээлийг огцом савлуулж эхэллээ. Нийлүүлэлтийн тасалдал бодит эрсдэл болж, зарим тохиолдолд нөөцийн хэмжээ хэдхэн хоногоор хэмжигдэх түвшинд хүрсэн гэх мэдээлэл тархаж байна. Дэлхийн нефтийн нийлүүлэлтийн томоохон хэсгийг бүрдүүлдэг энэ бүсэд үүссэн доголдол нь зөвхөн тухайн бүсийн асуудал биш, харин олон улсын үнэ, нийлүүлэлтийн урсгал, улс орнуудын худалдан авалтын бодлогыг зэрэг хөдөлгөдөг гинжин урвал юм.
Ийм нөхцөлд томоохон импортлогч орнууд нийлүүлэлтийн эрсдэлээ бууруулах зорилгоор өөр эх үүсвэр рүү шилжиж эхэлдэг. Сүүлийн үед Хятад, Энэтхэг зэрэг орнууд Ойрх Дорнодын орнуудаас авах нефтийн хэмжээгээ бууруулж, ОХУ зэрэг нийлүүлэгчтэй илүү идэвхтэй хэлцэл хийх хандлага ажиглагдаж байна. Энэ нь Оросын хувьд зах зээлийн байр сууриа бэхжүүлэх, үнийн нөхцлөө өөрчлөх боломжийг нэмэгдүүлж байгаа бол жижиг, хамааралтай зах зээлүүдэд шахалт үүсгэх нөхцөл бүрдүүлж эхэллээ.
Монгол Улсын хувьд энэ өөрчлөлт шууд нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Манай улс нефтийн бүтээгдэхүүний дийлэнхийг ОХУ-аас импортолдог бүтэцтэй тул нийлүүлэлтийн нөхцөл өөрчлөгдөхөд хамгийн түрүүнд өртөх эмзэг системд тооцогддог. Оросын тал дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, эрэлт нэмэгдсэн нөхцөлд нийлүүлэлтийн үнээ өсгөх, эсвэл зах зээлийн зарчмаар нийлүүлэх байр суурь барих магадлал өндөр болж байна.
Энэ үед хамгийн их анхаарал татаж буй асуудал бол дизель түлшний нөөц, түүний хуваарилалт юм. Дизель түлш нь Монголын эдийн засгийн үндсэн салбаруудын “цусны эргэлт” гэж хэлж болох стратегийн бүтээгдэхүүн. Уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн гол хэрэглээ, хаврын тариалалтын техник, барилга замын салбарын үйл ажиллагаа, тэр бүү хэл батлан хамгаалах салбар хүртэл дизель түлшнээс шууд хамааралтай. Иймээс нөөцийн бодит хэмжээ олон нийтэд ил тод байдаггүй ч бодлогын түвшинд хуваарилалт хийгддэг нь ойлгомжтой.
Хэрэв нийлүүлэлт тасалдах, эсвэл үнэ огцом өсөх нөхцөл үүсвэл Монгол Улс дотооддоо сонголт хийх шаардлагатай болно. Хязгаарлагдмал нөөцийг уул уурхайд төвлөрүүлэх үү, эсвэл хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс тариалалтад чиглүүлэх үү, эсвэл эдийн засгийн идэвхжлийг хадгалах зорилгоор барилга, дэд бүтцийн салбарт хуваарилах уу гэдэг бодлогын шийдвэрийн төвд очно. Үүн дээр нэмээд үндэсний аюулгүй байдлын үүднээс батлан хамгаалах салбарын хэрэглээ байнга давхар яригдаж таарна.
Ийм нөхцөлд түлшний хомсдол нь зөвхөн нэг салбарын асуудал биш, харин нийт эдийн засгийн тогтвортой байдал, инфляц, экспортын орлого, хүнсний нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлд зэрэг нөлөөлөх эрсдэлтэй нүүр тулж байна. Түлшний үнэ өсөх нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүний үнэд дам нөлөөлдөг нь олон улсын судалгаагаар нотлогдсон байдаг.
Эцсийн дүндээ Монгол Улс энэ тоглоомд үнэ тогтоогч биш, харин нөхцөл дагагч оролцогч хэвээр байна. Гадаад зах зээл дээр үүссэн аливаа савлагаа дотоодод бодит дарамт болж ирдэг бүтэц хэвээр байгаа нь энэ удаагийн нөхцөл байдлаар дахин харагдаж байна. Тиймээс богино хугацаанд нөөцийн оновчтой хуваарилалт, дунд хугацаанд нийлүүлэлтийн эх үүсвэрийн төрөлжилт, урт хугацаанд дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал бодлогын төвд илүү тод тавигдах шаардлагатай болж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!