Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2026.03.19) өргөн мэдүүлэв.

Тогтоолын төсөл батлагдвал нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг Засгийн газар тогтоох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Төсөлд шатахууны импортын өндөр хамаарал, мөн УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсантай холбоотой нөхцөл байдлыг дурдсан байна. Мөн Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буй үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний нэг гэж тайлбарлав.

Төсөл санаачлагчийн мэдээлснээр АИ-92 шатахууны гаалийн албан татвар тонн тутамд 125,633 төгрөг байгаа бөгөөд гаалийн албан татварыг 0 болговол литр тутамд үнэ 106 төгрөгөөр буурах тооцоо гарчээ. УИХ-ын тогтоолын төсөлд хэрэгжих хугацаа, хүчин төгөлдөр байх хугацааг мөн тусгасан байна.