Гол агуулга:

  • Сангийн сайд Б.Жавхлан “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг “Рио Тинто” групптэй үргэлжлүүллээ.

  • Зээлийн хүүг бууруулах боломжийг Монголын зээлжих зэрэглэл, түүхий эдийн зах зээлийн төлөв, төслийн үе шат зэрэг хүчин зүйлтэй уялдуулан хэлэлцэв.

“Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр уулзаж, хэлэлцээг үргэлжлүүллээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй санал болон “Оюу толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцсон байна. Тодруулбал, төслийн ирээдүйн эерэг хүлээлт, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлсийг харгалзан зээлийн хүүг бууруулах хувилбаруудыг хэлэлцжээ.

Мөн талууд зээлийн хүүгийн одоогийн нөхцөл, төслийн санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалтай холбоотой байр суурь, үндэслэлээ харилцан танилцуулж, нээлттэй хэлэлцэх нь бодит шийдэлд хүрэхэд чухал гэж санал нэгдсэн байна.

Иймд талууд энэ сард дахин уулзаж, “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.