Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) болон ДОХ-ын тухай олон нийтийн мэдлэг, анхаарлыг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн өдөр өнөөдөр дэлхий даяар тэмдэглэж байна. 

ДЭМБ-ын санаачилгаар 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нд анх тэмдэглэгдсэн уг өдөр нь өнгөрсөн хугацаанд халдвартай тэмцэх олон шинэ аргачлал, дэвшил гарсныг сануулах утга агуулгатай.

1995 онд ХДХВ-ийн халдварын эсрэг анхны үр дүнтэй нийлмэл эмчилгээ нэвтэрч, өмнө нь өдөрт 6–8 төрлийн эм уудаг байсан бол нэг капсул хэлбэрт шилжсэн нь эмчилгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлсэн юм. Харин вирус байнга мутацид орж хувьсан өөрчлөгддөг тул өнөөг хүртэл ХДХВ-ийн эсрэг үр дүнтэй вакцин бий болоогүй байна.

Үүнээс хойших жилүүдэд халдварыг илрүүлэх болон эмчлэх технологи тасралтгүй сайжирчээ. Тухайлбал, 2004 онд амны хөндийн шингэнд вирус илрүүлэх хурдавчилсан оношлуур ашиглах зөвшөөрөл олгогдсон бол 2012 онд гэрийн нөхцөлд өөрийгөө шинжлэх боломжтой оношлуур нэвтэрсэн.

2011 онд хийсэн судалгаагаар ретровирусийн эмчилгээ нь ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлийг 96 хувь бууруулж чаддаг нь тогтоогдсон байна. Халдвартай хүнийг эрт оношлон, шуурхай эмчилгээнд хамруулах нь бусдад дамжуулах эрсдэлийг мэдэгдэхүйц багасгадаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Мөн 2015 оноос эхлэн эрсдэлт бүлгийн хүн амд өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэх эмчилгээ (PrEP) нэвтэрсэн нь халдварын тархалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.