Монгол Ардын Намын (МАН) дотоод хагарал дээд цэгтээ хүрч, засаглалын хямрал нүүрлээд байна. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал тамгаа гардсан ч, намын доторх ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн өнөөдрийг хүртэл Засгийн газраа бүрдүүлж чадахгүй гацаанд орлоо. Энэхүү гацааны цаана МАН-ын "30" болон "38" хэмээх фракцуудын албан тушаалын төлөөх ширүүн тэмцэл, далд биш ил өрнөж эхлэв бололтой.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан нарын удирддаг "30-ийн фракц"-ынхан Ерөнхий сайд Н.Учралтай зөвшилцөж, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд УИХ-ын даргын суудлыг С.Амарсайханд өгөх санал тавьсан байна. Гэвч энэхүү санал нь "38-ын фракц"-ынханд таалагдсангүй. Тэд УИХ-ын дарга бус, ердөө Засгийн газрын 2-3 сайдын суудал ав хэмээн саналыг нь хязгаарлаж.

Гэвч намын дотоод хагарал өнөөдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаар улам хурцдаж, УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг нэр дэвшүүлэх шийдвэрийг хүчээр гаргасан нь "Н.Учралын Засгийн газар удахгүй нь", МАН доторх цөөнхийн бүлгийн тэмцэл ширүүсэх нь гэх дохиог өгөөд амжлаа. 

Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар УЗ-ийн шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "С.Амарсайхан нэрээ татсан учраас С.Бямбацогтыг дэмжсэн" хэмээн тайлбарласан  ч "30-ийн фракц"-ийнхан хүч түрж байна, С.Амарсайхан нэрээ татсан зүйл байхгүй. Бид Засгийн газарт орж ажиллахгүй гэж мэдэгдсэн нь тэдний албан тушаал, эрх мэдлийн төлөөх тулаан рингэн дээр ил өрнөж эхэлснийг харууллаа. Өөрөөр хэлбэл Н.Учралын Засгийн газар байгуулагдахаасаа өмнө "хөлгүй" болж, намын доторх эв нэгдэл бүрэн задарсныг илтгэж байна. 

МАН-ын энэхүү гүнзгий хагарал нь зөвхөн нэг намын асуудал бус, төрийн гүйцэтгэх засаглал сулрах, бодлогын тодорхойгүй байдал үүсэх гол шалтгаан болж байна. Фракцууд эвлэрэх бус, эрх мэдлийн төлөө талцаж байгаа нь цаашид улс төрийн тогтворгүй байдлыг улам даамжруулах эрсдэлтэй билээ.